Monday, June 23, 2014

4 жилийн хөдөлмөрөөр өөрийн 40 жилийн ирээдүйг тодорхойлох болно


Их сургуульд 4 жил сурлаа.  Энэ хугацааг зүгээр ГАЙХАЛТАЙ л гэж хэлье дээ. Их сургуулиас миний олж авсан хамгийн үнэт эрдэнэ бол НАЙЗУУД маань. 
Доорхи үгийг нийт төгсөгч оюутнууд, багш нарынхаа өмнө хэллээ. Өнгөрсөн жил "Хэцүү Анги" киноны гол дүр, UBS тв хөтлөгч, кино жүжигчин Уянга МУИС-н шилдэг төгсөгч болоод үг хэлж байхыг хараад мундаг юмаа, би бас хэлээд зогсож байвал янзындаа гэж бодож билээ. Гэтэл яг нэг жилийн дараа... 

Төгсөлтийн баяраах хэлсэн үг: МУИС – Бизнесийн Сургуулийн төгсөгч: Ө.Мөнхчулуун
2014 оны 6 дугаар сар 18 Чингисийн талбай. 14 цаг 50 минутанд хэлэв.


Сайн байцгаана уу?  Энд хуран цугларсан эрдэмтэн багш нартаа, нийт төгсөгч оюутнууддаа энэ өдрийн мэндийг хүргэе. 
Бид дөнгөж саяхан л МУИС хэмээх их айлын өндөр босгыг давж байсан санагдаж байна. 
Их сургуулийн анхны хичээлдээ явах өдөр ах маань Мөнхчулуунаа ахын дүү 4 жилийн хөдөлмөрөөр өөрийн 40 жилийн ирээдүйг тодорхойлох болно шүү. Гэж хэлж байсан.  Энэ үгийг би 4 жилийн турш сурахдаа хамгийн гол зарчмаа болгон суралцаж ирсэн. 
Бидний суралцсан хугацаа хэдий богино ч, ирээдүйн 40 жил магад түүнээс ч урт хугацааны ирээдүйн баталгааг бий болгож чадсан гэдэгт итгэлтэй байна. Яагаад вэ гэвэл... 
“Зуун номтой тэнцэх НЭГ сайн ном байдаг гэсэн үг бий. Өнөөдөр бид 4 жилийн хугацаанд мянга мянган номноос ч үнэтэй мэдлэг, сургаалийг эрдэмтэн багш нараасаа авсан болхоор би ирээдүйдээ итгэлтэй байна. Энэ дан ганц миний бодол бус нийт төгсөгчдийн маань хэлхийг хүсэж буй үг. Тийм учраас бидэнд эрдэм их оюунаа дээжилсэн эрдэмтэн багш нартаа баярласнаа илэрхийлье. 
Анх Их сургуульд орж байсантай харьцуулах юм бол төгсөгчид бидний үг хэл, оюун бодол хэд хэдэн шат ахисан байгаа. Яг л хур орж ганг тайлдагтай адил бидний оюунд хувьсал болсон он жилүүд байлаа. Магадгүй хувь Хүний хөгжлийн хамгийн том гүүрэн дээгүүрээ та хэдхэн минутын өмнө, хэдхэн цагийн өмнө алхлаа.  
Намайг МУИС-д суралцаж байхад хүн бүр МУИС бол Монголын хамгийн шилдэг сургууль гэж хэлдэг байлаа. Би ч үүнд итгэлтэй байдаг. Өнөөдөр МУИС-ийг 4000 гаруй оюутнууд төгсөж байна. Өнөөдөр Монголд 4000 шинэ санаа, Өнөөдөр Монголд таны төгссөн салбарт шинэ санаа, шинэ мэргэжилтнээр дутаж байгаа тэр хоосон орон зайг бид нөхөх учиртай энэ бол Улсынхаа хамгийн шилдэг сургуулийг төгссөн бидний хариуцлага. 
Бидний амьдралын хамгийн удаан настай зүйл бол үнэт чулуу мөн бидний өнөөдөр өмссөн ганган хувцас огтоосоо биш ээ. Бидний амьдралын хамгийн удаан настай зүйл бол мэдлэг боловсрол, зүрх сэтгэл. Бидэнд мэдлэг боловсролоор хөрөнгө оруулалт хийсэн. Монгол Улсын Их Сургуульд баярлалаа. 
Өнөөдөр энд цугларсан олон гайхалтай оюутнуудтай мөр зэрэгцэн сурсан маань миний хувьд нэр төрийн хэрэг байлаа.  
Өөрийнхөө, гэр бүлийнхээ, эх орныхоо ирээдүйн баталгааг тархиндаа мэдлэг болгон хуримтлуулан төгсөж буй та бүхэнд аз жаргал хүсэн ерөөе. 

No comments:

Post a Comment